• “Улаанбаатар таймс” сонины түүхэн товчоон

     

    1929 он

    МАХН-ын Төв Хорооны 1929 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 37 дугаар тогтоолыг үндэслэн "Улаанбаатар хотын мэдээ" сониныг Улаанбаатар хотын нам, эвлэлийн хорооноос эрхлэн хагас хэвлэлийн хуудсаар долоо хоног тутам 500 хувь хэвлэн гаргажээ. Монгол бичгээр хэвлэсэн энэхүү сонингийн анхны дугаар нь 1929 оны дөрөвдүгээр сарын 5-нд гарсан байдаг. Эндээс нийслэлийн хэвлэл мэдээллийн түүх эхэлдэг юм. Монголын сэтгүүлзүйн туршлага бага залуу байсан тэртээх он жилүүдэд "Улаанбаатар хотын мэдээ" сонинг хотын нам, эвлэлийн хорооны ажилтнууд голдуу эрхлэн гаргаж байлаа. Бүтцийн хувьд ч мэдээ, тогтоол, хурлын илтгэл тайлан, зөвлөмж зэргээс бүрдэж байжээ. “Улаанбаатар хотын мэдээ” сонин засгийн бодлогыг нийслэлд тулгарч буй зорилттой холбон тайлбарлаж, хотын олон талт амьдралыг тусгасан “Нам, эвлэлийн байдал”, “Дууриал”, “Сануулга”, “Элдэв мэдээний зүйл” зэрэг булантай байв. Ийнхүү “Улаанбаатар таймс” сонин нь 1929 онд Монгол улсын орон нутгийн анхны тогтмол хэвлэлийн үүсгэлийг тавьж, сэтгүүл зүйн түүхэнд нэр мөрөө үлдээсэн билээ.

     

    1955.01.26.

    Сонинг гардан хариуцах орон тооны ажилтангүй, материаллаг бааз дутагдалтай, санхүү мөнгөний бэрхшээл сэлтээс шалтгаалан 1936 оны дунд үеэс”Улаанбаатар хотын мэдээ” сонин гаралтаа зогсоожээ. 20 шахам жил алгуурлан завсарласны дараа МАХН-ын Төв хорооны шийдвэрээр “Улаанбаатар хотын мэдээ” сонины нэрийг “Улаанбаатарын мэдээ” болгон өөрчилснөөр 1955 оны нэгдүгээр сарын 26-наас дахин гарч, хэвлэлийн тал хуудас, дөрвөн нүүрээр долоон хоногт гурван удаа 5000 орчим хувиар хэвлэгдэж байв. Харьяаллын хувьд Улаанбаатар хотын намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргааны хэвлэл байсан юм. 1956 оноос тус сонин хэвлэлийн нэг хуудсаар долоон хоногт гурван удаа гардаг боллоо. 1969 оноос долоо хоногт дөрвөн удаа гарч, захиалагчдын тоо жилээс жилд өсч, 30 мянга орчим хувь хэвлэгдэх болов.

     

    1979.04.13.

     “Улаанбаатарын мэдээ” сонины 50 жилийн ой тохиож, БНМАУ-ын Ардын их хурлын Тэргүүлэгчдийн 97 дугаар зарлигаар “Нам засгийн бодлогыг хөдөлмөрчдөд сурталчлах, түүнийг тууштай хэрэгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг тэмдэглэж, тус сонинг “Алтан гадас” одонгоор шагнажээ.

    1988 оны долдугаар сарын нэгнээс сонин хоёр хэвлэлийн хуудас, найман нүүрээр долоо хоногт гурван удаа, 40000-50000 хувиар хэвлэгддэг болсон нь нийтлэл, мэдээллийн чанар сайжирч, сонины уншигчдын хүрээ тэлж, сэтгүүлчдийн ур чадвар дээшилсний үр өгөөж байв.

     

    1990.05.16.

    Монгол орон даяар өөрчлөлт шинэчлэлт өрнөхөд “Улаанбаатарын мэдээ” сонины хамт олон идэвхтэй оролцож, өөрийн харьяаллаа өөрчлөх оролдлого эрэлхийлж, шинэ зохион байгуулалтад орон нийслэл хотын төв хэвлэл болжээ. 1990 оны 5 дугаар сарын нэгэнд “Улаанбаатар” сонины туршилтын дугаар гарчээ.  Нийслэлийн төрийн байгууллага, захиргааны хэвлэл “Улаанбаатарын мэдээ” сонинг Хотын Ардын Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Улаанбаатар” сонин хэмээн нэрлэсэн юм. Ингэснээр “Нийслэлийн сонин бичиг” сонин МАХН-ын Нийслэлийн хорооны хэвлэл болов. Энэ бол ардчилсан хувьсгалын ялалтын үр дүн бөгөөд нам, төр, захиргааны хэвлэл тус тусдаа гардаг болсны илрэл билээ.

     “Улаанбаатар” сонин Монголын сэтгүүлзүйн  түүхэнд анхны олон нүүр /А3 форматаар 64 нүүр/ сонин гаргаж, “Хангарьд” шагнал бий болгон, Арслангуудын нэрэмжит барилдаан зэрэг шинэлэг хэлбэрийн олон ажил зохион байгуулж, уншигчдынхаа талархалыг хүлээж байлаа. “Улаанбаатарын үдэш”, “Нүгэл буян”, “Алтан босго”, “Алаг шаазгай”, “Утга зохиол” зэрэг дагуул сонингуудыг бий болгосон “Улаанбаатар” сонин 1990-1998 он хүртэл 1675 дугаар гаргасан бөгөөд энэ хугацаанд хэлбичгийн ухааны доктор, зохиолч Ү.Хүрэлбаатар Еоөнхий эрхлэгчээр ажиллаж байв.

     

    1999.01.01

    Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар төр өөртөө хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосноор “Улаанбаатар” сонин нийслэлийн төр захиргааны хэвлэл статусаа өөрчилж, хотын Иргэдийн хурлын харьяалалд орж, Монгол улсын нийслэлийн төв хэвлэл болсон байна.

     “Улаанбаатар” сонин 1999 оны 1 дүгээр сарын нэгнээс “Улаанбаатар таймс”нэрээр гарч сонины дөрөв дэх үеийн түүх эхэлжээ. “Улаанбаатар таймс”сонин амралт чөлөөт цагийн “Хүрээ хэмнэл”, хошин шогийн “Хүрээ тоншуул”, зар сурталчилгааны “Хүрээ зар” дагуул сонинтой болж, долоо хоногт найман нүүрээр таван удаа хэвлэгддэг Монголын өдөр тутмын зургаа дахь тогтмол хэвлэлийн нэг болсон түүхтэй.

     

    2000.09.01

    Нийслэлийн Засаг даргын А/280 тоот захирамжаар "Үнэт цаас" УҮГ, "Эрдэм" УҮГ-ыг татан буулгаж "Улаанбаатар таймс" сонин УҮГ-т нэгтгэснээр тус байгууллага өөрийн байртай болсноор зогсохгүй нийслэлээс дотаци авахгүйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм.

    Өөрийн урт түүхтэй "Үнэт цаас" /хуучин Улсын хэвлэлийн комбинат/ "Эрдэм" үйлдвэрүүдийг "Улаанбаатар таймс"-т нэгтгэсэн нь Монголын сонин хэвлэлийн түүхийн орон зайг тэлж хуучин улсын хэвлэлийн комбинатын түүхийн харгуйтай  "Улаанбаатар таймс" сонин зам нийлэх болсон юм. 

     

    2001-2009

    2001 оны 4 дүгээр сарын нэгнээс "Улаанбаатар таймс" сонин долоо хоногт гурван удаа дөрвөн нүүрээр хэвлэгддэг байснаа нүүр хуудасныхаа тоог нэмж найман нүүр болгосноор нийтлэл мэдээллийн орон зайгаа өргөтгөсөн юм.

    2003 оны 1 дүгээр сарын гурванаас "Улаанбаатар таймс" сонин долоо хоногт таван удаа хэвлэгддэг болж Монголын өдөр тутмын сонины бүлд багтан оров. 2008 оны есдүгээр сараас сониныхоо нүүр хуудасныхаа тоог нэмж, 12 болголоо.

    2009 онд "Улаанбаатар таймс" сонин 80 жилийн ойгоороо нийслэл Улаанбаатар хотын дээд шагнал болох “Хангарьд” одонгоор шагнуулсан юм. 

     

    Ерөнхий эрхлэгч нар

    Анхны эрхлэгчээр хотын ХЗЭ-ийн хорооны тэргүүлэгч, Намын төв сургуулийн багш Б.Содов, Хотын эмэгтэйчүүдийн салбарын эрхлэгч, Зөвлөлт Буриад улсын харьяат Ц.Махбал нар ажиллаж байлаа.

    1955-1985 оны хооронд “Улаанбаатарын мэдээ” сонины эрхлэгчээр ахмад сэтгүүлч Д.Үржинбадам /10 жил/, Д.Шагдарсүрэн /5 жил/, Ж.Гомбо, Б.Явуухулан нар /3-5 сар/, Т.Дугар /8 жил/, Х.Арсад /5 жил/ нар тус тус ажиллаж байв.

    1985-1990 онд эрдэмтэн, сэтгүүлч Ц.Мөнхжаргал сонины эрхлэгчээр ажиллажээ.

    1990-1999 онд тус сонины Ерөнхий эрхлэгчээр хэл бичгийн ухааны доктор, зохиолч Ү.Хүрэлбаатар, 1999-2007 он хүртэл сонины Ерөнхий эрхлэгчээр Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, урлаг судлалын ухааны доктор, зохиолч, зураач Жүмпэрэлийн Саруулбуян, 2007-2008 он хүртэл сэтгүүлч Номинхүүгийн Ариунтуяа нар ажиллаж ирсэн юм. 80 жилийн тод замналтай нийслэлийн сонины Ерөнхий эрхлэгчээр өнөөдөр Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Долгорын Чулуунбаатар ажиллаж байна. 

     

     



Буцах